top of page

Зохиогчийн эрхийг туурвисан өдрөөс эхэлж хамгаална

Writer's picture: Ardakh B.Ardakh B.

Intellectual property right
Intellectual property right

Оюун ухааны бүтээлч сэтгэлгээний үр дүнд бий болсон тодорхой хугацаанд хуулиар хамгаалагддаг бүтээлийг оюуны өмчийн бүтээл гэнэ. Оюуны өмчийн бүтээлд зохиогчийн эрхийн бүтээл болон аж үйлдвэрийн өмч хамаардаг. Зохиогчийн эрхийн бүтээл гэж оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг хэлнэ.[2] Жишээлбэл роман, шүлэг, хөгжмийн зохиолууд, дууны үг, балет, уран сайхны баримтат кино болон гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл зэрэг гэх мэт. [3] Харин хууль тогтоомж, төрийн захиргааны байгууллага хуулийн этгээдийн шийдвэр, албан бичиг болон шүүхийн шийдвэр зэрэг нь зохиогчийн эрхээр хамгаалагдахгүй. [4] Зохиогчийн эрх нь тухайн бүтээлийг туурвиж, бодит хэлбэрт орсон үеэс үүсдэг [5] бөгөөд тус өдрөөс эхлэн бүтээл хуулиар хамгаалагддаг. Зохиогчийн эрхийг оюуны өмчийн газарт бүртгүүлснээр өөрийн бүтээлээ бусдад шилжүүлэх, бусдад ашиглуулах, ашиг олох баталгаажуулах ач холбогдолтой. Бусдын туурвисан оюуны бүтээлийг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, нийтэд түгээх, дамжуулах, тоглох, дэлгэж үзүүлэх, түрээслүүлэх, үүсмэл бүтээлийг хэрэгжүүлэхийг хориглодог.[6] 


Харин аж үйлдвэрийн өмчид патентын эрх, барааны тэмдэг болон газар зүйн заалт гэх зэрэг багтана. “Патентын эрх” гэж шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг оюуны өмчийн байгууллагад бүртгүүлснээр үүсдэг эрх юм.[7] Жишээлбэл тоног төхөөрөмж, машин технологи, эрүүл мэндийн шинэ төхөөрөмжийн загвар гэх зэрэг нь патентын эрхэд хамаарна. Патентаар хамгаалагдсан бүтээлийг бусад этгээд зөвшөөрөлгүй ашиглахыг хориглодог.[8] 

 Харин “барааны тэмдэг” гэдэг нь иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, бүтээгдэхүүнээс ялгах зорилгоор хэрэглэгдэх ялгагдах чадвартай илэрхийлэл юм.[9] Өөрөөр хэлбэл, барааны тэмдгийг үг, дүрс, үсэг, тоо, гурван хэмжээст дүрс, өнгө, дуу авиа, үнэр тэдгээрийн хосолсон байдлаар илэрхийлнэ. [10] Жишээ нь: байгууллагын лого, барааны нэр, брэнд, брэндийн үнэт зүйл, эрхэм зорилго гэх зэрэг нь барааны тэмдэгт хамаарна. Мөн барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх нь тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг ба эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр барааны тэмдгийг ашиглахыг хориглодог.[11][12]  


            Дүгнээд хэлэхэд, зохиогчийн эрхэд шинжлэх ухаан, урлагийн бүтээлүүд хамаардаг бөгөөд зохиогч бүтээлийг туурвисан өдрөөс эхлэн хуулиар хамгаалагддаг бол патентын эрх болон барааны тэмдэг эзэмшигчийн эрх нь оюуны өмчийн газарт бүртгүүлснээр хуулиар хамгаалуулах эрх үүсдэг онцгой эрх юм.



Эх сурвалж:

[1] Оюуны өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйл

[2] Зохиогчийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг

[3] Зохиогчийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг

[4] Зохиогчийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг

[5] Зохиогчийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг

[6] Зохиогчийн эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг

[7] Патентын тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.11 дэх хэсэг

[8] Патентын тухай хуулийн 46.2 дугаар зүйлийн 46.2.3 дахь хэсэг

[9] Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1

[10] Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 4.1 дүгээр зүйл

[11] Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг

[12] Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12.3 дугаар зүйлийн 12.3.4 дэх хэсэг

 


 

Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээлэл, нийтлэлийг зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг мэргэжлийн өмгөөлөгчөөс авна уу.

 

 

 

 

 

 

 

bottom of page