ТА ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛОХООС СЭРГИЙЛЭЭРЭЙ
- Bayarmaa Ts.
- Jun 16
- 2 min read

Цагдаагийн Ерөнхий газрын гэмт хэргийн талаарх мэдээллээс үзэхэд залилах гэмт хэрэг жилээс жилд өссөөр байна. [1] Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд дээрх гэмт хэргийн онцлог шинжийг мэддэг байх, гэрээний харилцаанаас ялгадаг байх нь чухал юм.
Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг. [2] Тодруулбал, иргэний эрх зүйн харилцаа буюу гэрээнээс үүдэлтэй маргаан нь хоёр тал байгуулсан гэрээнийхээ үүргийн биелэлтийн талаар хоорондоо харилцан мэдээлэл солилцож, шаардлага тавьж, гэрээгээ дүгнэсний эцэст эрсдэлд орсны улмаас үүсдэг. Өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.
Харин Улсын Дээд шүүхээс тайлбарласнаар залилах гэмт хэрэг дараах шинжийг агуулдаг:
- өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж,
- үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу
- хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа,
- шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж, бусдын эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг бүгдийг нь буюу заримыг нь шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж,
- үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол. [3]
Мөн залилах гэмт хэрэг нь бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, тухайлбал хулгайлах, дээрэмдэх, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах зэрэг гэмт хэргээс өмчлөгч хууртагдан итгэсэн учраас гэмт этгээдэд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ сайн дураараа өгсөн байдгаараа ялгаатай байдаг. [4]
Иймд аливаа этгээд таны эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гаргахыг ятгаж, яаруулах тусам нь нягталж, гэрээ байгуулах санал тавьсан бол хэрэгжих боломжтой эсэхийг нь сайтар шалгаж үзэж байх нь залилах гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх хамгийн энгийн бөгөөд хялбар арга гэдгийг санаарай.
Эх сурвалж:
[1] Цагдаагийн Ерөнхий Газрын цахим хуудас: https://police.gov.mn
[2] Улсын Дээд Шүүхийн 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 661 тогтоол
[3] Улсын Дээд Шүүхийн 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 538 тогтоол
[4] Сэнгээгийн Гантулга, Батзэвэгийн Энхболд, Эрүүгийн эрх зүй /тусгай анги/, 2018 он.
Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээлэл, нийтлэлийг зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг мэргэжлийн өмгөөлөгчөөс авна уу.