Хамтран ажиллах гэрээ– Бизнес эрхлэхэд заавал хуулийн этгээд байгуулах шаардлагатай юу?
- Ligden A.
- Jun 3
- 2 min read

Монгол Улсад компани үүсгэн байгуулахгүйгээр ашиг олох зорилгоор аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх боломжтой. Үүний нэг хэлбэр нь хамтран ажиллах гэрээ бөгөөд энэ нь бизнесийн үйл ажиллагаанд өргөн хэрэглэгддэг хувилбар юм. Энэ харилцааг голчлон гэрээгээр зохицуулах боловч тэрхүү гэрээ нь Иргэний хууль болон бусад холбогдох хуульд заасан шаардлагыг хангах шаардлагатай. Энэхүү мэдээллээр хамтран ажиллах гэрээ төрлийн гэрээний талаар ерөнхий ойлголт болон анхаарах зүйлсийг танилцуулъя.
Энэ төрлийн гэрээ нь компани, хоршоо зэрэг хуулийн этгээд шинээр байгуулалгүйгээр ашиг олох хамтарсан зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэдэг. Тодруулбал, хоёр ба түүнээс дээш этгээд тодорхой ашиг олох эсвэл зорилгыг хэрэгжүүлэх зорилгоор хуулийн этгээд шинээр байгуулахгүйгээр хамтран ажиллах талаар гэрээ байгуулна.[1] Иймд улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй.[2]
Хамтран ажиллах гэрээгээр дараах зүйлсийг зохицуулна:
- хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго
- талуудын эрх, үүрэг;
- удирдлагын бүтэц, эрх, үүрэг;
- ашиг, алдагдлыг хуваарилах журам;
- гэрээнээс гарах журам;
- гэрээний хугацаа;
- гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хуваарилах журам.
Хамтран ажиллах үед талууд мөнгөн хөрөнгө, тоног төхөөрөмж, хөдөлмөр, үйлчилгээ зэрэг олон төрлийн хэлбэрээр хувь нэмрээ оруулах боломжтой.[3] Ийнхүү оруулсан хураамжийн хэмжээнээс хамаарч хамтын үйл ажиллагаанаас олох ашгаа хэрхэн хуваарилах талаар урьдчилан тохиролцоно. Жишээлбэл ашгийг талууд 60/40, 50/50 хэмжээгээр хуваарилах зэрэг. Гэрээний талууд орлогоо өөрийн нэр дээр бүртгэж, тухайн орлогоосоо хуульд заасан татвар төлнө. Үүний нэгэн адилаар үйл ажиллагааны явцад гарсан зардлыг урьдчилан тогтоосон хувиар хуваан хариуцдаг ийнхүү гэрээгээр тохиролцоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна.[4] Энэ нь талуудын хооронд үүсэх санхүүгийн эрсдэлийг тэнцвэртэй хуваарилах зорилготой. Мөн ирээдүйд үүсэж болох аливаа эргэлзээтэй байдал, маргаанаас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй байдаг.
Хамтран ажиллах гэрээнд талуудын эрх, үүргийн тэнцвэрийг хангах үүднээс талуудын гүйцэтгэх ажил, үүрэг, хариуцлагыг тодорхой тусгах шаардлагатай. Ингэснээр талууд ямар үүрэг гүйцэтгэх, ямар шийдвэр гаргах эрхтэй, мөн тухайн шийдвэрийн үр дагаварт хэн хариуцлага хүлээхийг урьдчилан тодорхойлж, хамтын ажиллагааг зохион байгуулалттай, ойлгомжтой байлгах нөхцөлийг бүрдүүлдэг.[5]
Хамтран ажиллах гэрээ нь бизнесээ шинээр хуулийн этгээд үүсгэн байгуулахгүйгээр, богино хугацаанд, уян хатан нөхцөлөөр эхлүүлэхээр зорьж буй хувь хүн, хуулийн этгээдийн хувьд цаг хугацаа хэмнэсэн, энгийн шийдэл болж болох юм. Талууд гэрээндээ эрх, үүрэг, удирдлагын бүтэц, эрх, үүрэг, ашиг, алдагдлыг хуваарилах журам, гэрээнээс гарах журам, гэрээний хугацаа, гэрээг дуусгавар болгох үндэслэл зэрэг нөхцөлийг нарийвчлан зохицуулснаар хамтын ажиллагааг илүү зохион байгуулалттай, ойлгомжтой болгох нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн ирээдүйд үүсэж болзошгүй маргаан, эрсдэлийг урьдчилан бууруулах давуу талтай.
Эх сурвалж:
[1] Монгол Улсын Иргэний хууль (2002) 476.1 дэх хэсэг
[2] Монгол Улсын Иргэний хууль (2002) 481.1 дэх хэсэг
[3] Монгол Улсын Иргэний хууль (2002) 477 дугаар зүйл
[4] Монгол Улсын Иргэний хууль (2002) 478.12 дахь хэсэг
[5] Монгол Улсын Иргэний хууль (2002) 478 дугаар зүйл
Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээлэл, нийтлэлийг зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг мэргэжлийн өмгөөлөгчөөс авна уу.