top of page
Writer's pictureTuvshinjargal T.

Холимог тогтолцоо буюу энэ удаагийн сонгууль хэрхэн явагдах вэ

Энэ удаагийн мэдээллээр Улсын Их Хурлын сонгуулийг явуулах холимог

тогтолцооны тухай, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийн тухай,


Сонгуулийн зарчмын талаар танилцуулахаар бэлтгэлээ.

Нэг. Улсын Их Хурлын сонгуулийг явуулах холимог тогтолцооны тухай

Улс орнууд сонгууль явуулахдаа дараах үндсэн гурван системээс сонгон явуулдаг.

Үүнд:

1.1. Мажоритар /олонхын/;

1.2. Пропорционал /хувь тэнцүүлэх/;

1.3. Холимог.

Мажоритар /олонхын/ - энэ системээр сонгогчид нь намыг бус нэр дэвшигчид

саналаа өгдөг бөгөөд илүү санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцдог систем юм. Манай улсын хувьд 1992 оноос хойш нийт найман удаа Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулсан бөгөөд 2012 оныхоос бусад сонгуулыг энэхүү системээр зохион байгуулсан байдаг.

Пропорционал /хувь тэнцүүлэх/ - энэхүү системээр сонгогчид нэр дэвшигчид бус улс төрийн хүчин буюу намд саналаа өгдөг бөгөөд авсан саналыг хувь тэнцүүлэх аргаар суудал хуваарилдаг систем юм.

Харин Холимог тогтолцооны хувьд дээрх хоёр системийг зэрэг ашиглахыг хэлдэг бөгөөд зарим нэр дэвшигчдийг олонхын системээр, зарим нэр дэвшигчдийг хувь тэнцүүлэх аргаар сонгохыг хэлдэг билээ. Манай улсын хувьд 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Улсын Их Хурал 126 гишүүнтэй байхаар өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр 126 гишүүний 78 гишүүнийг олныг төлөөлөх буюу Мажоритар /олонхын/ энэ системээр, 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргаар сонгохоор болсон. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар саналын хуудас нь сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх; нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх гэсэн хэсэгтэй байхаар зохицуулж, хуульд нэмэлт оруулсан байна. Сонгогч нарын хувьд өмнөх сонгууль болох 2020 оны УИХ-ын сонгуулиар зөвхөн нэр дэвшигч нарт саналаа өгч олонхын санал авсан нэр дэвшигч сонгогдсонд тооцогддог талаар илүү мэдэх билээ. Энэ удаагийн сонгуулийн хувьд нийт 126 гишүүн сонгогдох бөгөөд түүний 78 гишүүнийг урьд өгч байсан сонгуулын тогтолцоо болох мажоритар /олонхын/ аргаар

сонгох ба ийнхүү олонхын санал авсан 78 нэр дэвшигчийг сонгогдсонд тооцно.

Харин үлдсэн 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргаар сонгох бөгөөд ийнхүү сонгохдоо саналын хуудасны нам, эвсэлд өгөх саналын хэсэгт өөрийн дэмжиж буй нам, эвслээ тэмдэглэх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан нам, эвсэлд суудал хуваарилах юм. Саналын хуудсын хувьд 2 байх ба нэр дэвшигч сонгох саналын хуудас болон нам, эвсэлд санал өгөх хуудсыг бөглөснөөр санал тоолох төхөөрөмжид уншуулна.


Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нам, эвсэлд суудал

хуваарилахад үндсэндээ хоёр шаардлагыг хангасан байх шаардлагатай. Нэгдүгээрт,

тухайн нам, эвсэл нь тойрогт ногдох нийт мандат буюу 78 мандатын 50 буюу түүнээс

дээш хувьд нэр дэвшигчийг нэр дэвшүүлсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл 13 тойрогт 39 ба түүнээс нэр дэвшигч нэр дэвшүүлэх ёстой. Хоёрт,намын хувьд нам, эвсэлд өгсөн нийт саналын 4 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх, харин хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 5 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх, гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7 буюу түүнээс дээш хувийн санал авсан байхыг шаардана. Энэхүү шаардлагыг хангасан нам, эвсэлд хувь тэнцүүлэхээр аргаар суудал хуваарилана гэсэн үг юм.


Хоёр. Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийн тухай

Ардчиллын нэг үндсэн шинж нь чөлөөт сонгууль билээ. Онолын хувьд Ард түмэн

өөрсдийн төлөөллөөрөө дамжуулан төрийн эрхийг хэрэгжүүлэх буюу төрийг удирдахыг хэлдэг. Ийм учраас чөлөөт сонгууль нь ардчиллын хувьд хамгийн чухал шинж гэж хэлж болно. Уг чөлөөт сонгуульд бид сонгох, сонгогдох эрхтэй байж хэмээн төрийг удирдан залахад бага ч болов оролцох боломжтой болно. Монгол улс нь ардчилсан улс болохын хувьд Улсын Их Хуралд өөрсдийн төлөөллийг сонгох замаар төрийн эрхийг хэрэгжүүлж ирсэн.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар ард түмэн төрийн эрхийг төлөөллийн

байгууллагаараа дамжуулан төрийг удирдах эрхтэй буюу сонгох, сонгогдох эрхтэй

билээ.Монгол улсын 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, сонгогчдын нэрийн

жагсаалтад бүртгэгдсэн байх шаардлагыг хангасан иргэн бүр сонгох эрхтэй. Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдоход 25 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, нэр дэвшигчийн үнэмлэх авсан этгээд сонгуульд оролцох боломжтой.


Гурав. Сонгуулийн зарчим

Сонгуулийн зарчим гэж товчхондоо сонгууль зохион байгуулах, түүнд оролцоход баримтлах нийтлэг шаардлага гэж ойлгож болох юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж сонгуулийн

зарчмыг Үндсэн хуулиндаа тусгаж өгсөн.


3.1. Нийтээрээ оролцох зарчмын хувьд Монгол улсын бүх иргэд сонгуульд оролцох

эрхтэйг илэрхийлэх ба сонгуулийн тухай хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан иргэд сонгуульд оролцох явдал юм.

3.2. Чөлөөтэй сонгох зарчмын хувьд иргэд өөрсдөө сонгох, сонгогдох эрхээ

чөлөөтэй буюу хэний ч албадлаганд оролгүйгээр чөлөөтэй сонгох, сонгогдох эрхээ

хэрэгжүүлэхийг ойлгож болно.

3.3. Шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргах зарчим нь иргэд шууд

буюу ямар нэгэн төлөөлөлгүйгээр өөрөө сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлж, хэний ч нөлөөнд авталгүйгээр саналаа нууцаар гаргахыг хэлнэ.

Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуульд

оролцогч нар нь дараах нийтлэг зарчмыг баримтлахыг тусгасан. Үүнд: хууль дээдлэх; ил тод байдлыг хангах; шударга ёсыг сахиж ажиллах ёстой болохыг хуульчилсан билээ. Ил тод байдлыг хангах гэдэгт саналаа нууцаар гаргах нь хамаарахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Ил тод байдал гэдэг нь сонгууль зохин байгуулж буй байгууллага сонгуультай холбоотой бүхий л үйл ажиллагаагаа ил тод байлгаж, санал тоолох ажиллагааг нээлттэй байхыг ойлгоно.


Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээлэл, нийтлэлийг зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг мэргэжлийн өмгөөлөгчөөс авна уу.

bottom of page