top of page

Хувь хүний төлөх албан татварын төрлүүд

  • Ichinkhorloo Sh.
  • Jul 3
  • 3 min read

Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий дараах хувь хүн албан татвар төлөгч байна. Үүнд:

 

-          Монгол Улсын иргэн;

-          Гадаадын иргэн;

-          Харьяалалгүй хүн.

 

Татвар ногдуулах зорилгоор албан татвар төлөгчийг Монгол Улсад байнга оршин суугч болон Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгч гэж ангилна.[1]

Байнга оршин суугч албан татвар төлөгчийг дараах байдлаар тодорхойлно:

 

Нөхцөл

Тодорхойлох арга

Үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 183 ба түүнээс дээш хоног оршин суусан.

Хоногийн нийлбэрээр /тухайн татварын жил болон түүний өмнөх татварын жилийг хамруулан тооцно./

Татвар ногдох орлогын 50 ба түүнээс дээш хувийг

Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого эзэлж байвал

Үргэлжилсэн 12 сарын хугацаанд 183 хоног ажиллах нь

Хөдөлмөрийн гэрээ, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлөөр нотлогдож байвал

Давхар татварын гэрээ байгуулсан улсын иргэний хувьд

Гэрээнд заасны дагуу

Гадаад улсад томилогдон ажиллаж байгаа Монгол Улсын төрийн албан хаагч

Элчин сайд, элчин сайдын яамны ажилтан

 

      Харин "оршин суугч бус албан татвар төлөгч" гэж Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон, дээр дурдсанаас бусад хувь хүнийг хамруулна.

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар хувь хүнд дараах төрлийн албан татваруудыг ногдуулдаг. Үүнд: 1. Цалин, хөдөлмөрийн хөлс; 2. Үйл ажиллагааны орлого; 3. Хөрөнгийн орлого; 4. Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого; 5. Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтны албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй бараа, ажил, үйлчилгээний шууд бус орлого; 6. Урлаг, спортын тэмцээний шагнал, төлбөрт таавар, бооцоот тоглоом зэрэг бусад орлого хамаарна. [2]

 

Татвар ногдох хувийг татварын төрлөөс хамааруулан дараах байдлаар тооцно. Үүнд:


-          Цалин, хөдөлмөрийн хөлс болон шууд бус орлого [3]


Тухайн жилийн орлого

Татварын хувь

0-120,000,000 хүртэлх төгрөг

10%

120,000,001-180,000,000 хүртэлх төгрөг

12,000,000 төгрөг дээр 120,000,000 төгрөгөөс дээш давсан орлогод 15%

180,000,000 төгрөгөөс дээш

21,000,000 төгрөг дээр 180,000,000 төгрөгөөс дээш давсан орлогод 20%

-          Үйл ажиллагааны орлогод 10%-ийн татвар ногдуулна. Харин тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлого нь 50.0 сая төгрөгөөс хэтрээгүй ба хувь хүн өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд 1%-иар албан татвар ногдуулна. Мөн Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгчийн Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод 20%-иар албан татвар ногдуулна.[4] 

-          Хөрөнгийн орлогод 10%-ийн татвар ногдуулна. Харин Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалагдах өрийн хэрэгсэл, хувьцаа, нэгж эрх эзэмшигч албан татвар төлөгчийн тухайн хувьцаа, нэгж эрх, өрийн бичигтэй холбоотойгоор олсон хүүгийн орлого, ногдол ашгийн орлогод 5%-иар албан татвар ногдуулна.[5]

-          Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого болох үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод 2%-иар, газар эзэмших, ашиглах эрх болон бусад биет бус хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод 10%-иар, хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод 10%-иар, хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлогод 10%-иар тус тус албан татвар ногдуулна. Харин Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч борлуулсан бол албан татварыг 20%-иар тооцож ногдуулна.[6]

-          Урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал, тэдгээртэй адилтгах бусад орлогод 5%-иар, Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлогод 40%-иар, Бичил худалдаа, ажил, үйлчилгээ болох ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50%-тай тэнцэх хэмжээнд, хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд албан татварын доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5%, дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээнд тус тус албан татварыг тооцож ногдуулна. [7]


Эх сурвалж:

[1] Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (2019) 5 дугаар зүйл, Татварын ерөнхий хууль (2019) 17 дугаар зүйл, Монгол улсад байнга оршин суугч болон оршин суугч бус албан татвар төлөгчийг тодорхойлох, бүртгэх, бүртгэлээс хасах, албан татварын тооцоо хийх журам (2019) 1.1 дэх хэсэг

[2] Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (2019) 7-12 дугаар зүйл

[3] Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (2019) 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг

[4] Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (2019) 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэг, 21.2 дугаар зүйлийн 21.2.5 дахь хэсэг

[5] Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (2019), 21.2 дугаар зүйлийн 21.2.4 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэг

[6] Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (2019), 21.2 дугаар зүйлийн 21.2.1, 21.2.4, 21.2.5 дахь хэсэг

[7] Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (2019), 21.2 дугаар зүйлийн 21.2.2, 21.2.3 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг



 

Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээлэл, нийтлэлийг зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг мэргэжлийн өмгөөлөгчөөс авна уу.

 

 

 

 

 

 

 

 
 
bottom of page