Манай улсын хувьд гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд ажил олгогч нь онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй ажилтантай харилцан тохиролцож үйлдвэрлэл, бизнесийнхээ нууцыг хамгаалах зорилгоор үл өрсөлдөх үүрэг хүлээх нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болохоор хуульчилсан. Энэ тохиолдолд ажилтан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш тодорхой хугацаанд ажил олгогчтой шууд өрсөлдөгч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд ажиллах, эсхүл өөрөө ажил олгогчтой шууд өрсөлдөх үйл ажиллагаа эрхлэхгүй.[1] Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшний ажил үүрэг гүйцэтгүүлэх, өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг ажилтнаар дамжуулан хэрэгжүүлэх болон тухайн ажилтны онцгой мэдлэг, ур чадварт суурилсны үндсэн дээр байгуулах хөдөлмөрийн гэрээний нэгэн төрөл юм.[2]
Жишээ нь аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг компани аялал зохион байгуулах орны хууль эрх зүй, газар зүйн онцлог зэргийн тухай өндөр мэдлэг туршлагатай аяллын менежерийг гүйцэтгэх удирдлагаараа сонгож, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Ингэхдээ хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш аялал жуулчлалын салбарт тодорхой хугацаанд компанитай ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд байгуулах, тэдгээрт ажиллахгүй байх үл өрсөлдөх үүргийг гэрээндээ тусгаж болно.
Гэвч хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажилтанд үл өрсөлдөх үүрэг хүлээлгэх нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох...., хувийн аж ахуй эрхлэх” зэрэг эрхүүдтэй зөрчилдөх агуулга ажиглагддаг.[3][4] Иймд талуудын эрхийн тэнцвэртэй байдлыг хангах болон үл өрсөлдөх үүргийн хүрээг оновчтой тодорхойлох нь чухал.
Ажил олгогч тал нь өрсөлдөөнийг хориглох үндэслэл, хамаарах үйл ажиллагааны төрөл, хязгаарлалтад хамаарах нутаг дэвсгэр, үйлчлэх хугацаа, уг хугацаанд олгох нөхөн төлбөр зэрэг нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд, эсхүл үл өрсөлдөх тухай гэрээнд тодорхой тусгана.[5] Мөн уг нөхцөлийн үйлчлэх хугацаа нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш нэг жилээс илүүгүй хугацаатай байхыг анхаарах нь зүйтэй.[6]
Нөгөөтээгүүр ажил олгогч нь ажилтны үл өрсөлдөх үүргийн хүрээг мэргэшсэн салбар, нэг төрлийн зах зээлийг бүхэлд нь хамрах нутаг дэвсгэр, ажилтны амьдралын чанарыг доройтуулах хэмжээний үргэлжилсэн хугацаа, нөхөн олговрыг тодорхой бусаар тогтоосон тохиолдолд үл өрсөлдөх үүрэг нь тухайн ажилтан гадаад улсад ажиллахад хамаарахгүй байхаар хуульд зохицуулсан.[7]
Ажил олгогч нь ажилтанд үл өрсөлдөх үүргийн үйлчлэлийн хугацаанд олгох нөхөн олговрын хэмжээг гэрээнд тодорхой тусгаагүй ч хуульд заасны дагуу үүргийн үйлчлэлийн хугацаанд ажил олгогч ажилтанд хамгийн сүүлийн сарын цалин хөлснийх нь 50-аас доошгүй хувийн олговрыг сар бүр тооцон олгох үүрэгтэй.[8] Үүний дээр насанд хүрээгүй ажилтан, туршилтаар болон дагалднаар ажиллаж байгаа ажилтанд ажил олгогчийн зүгээс үл өрсөлдөх үүрэг хүлээлгэхийг хуулиар хориглодог байна.[9]
Иймд үл өрсөлдөх үүргийн дагуу ажил олгогчийн хувьд зайлшгүй хамгаалах шаардлагатай эрх ашиг байгаа боловч нөгөө талаас ажилтны байр суурь, үл өрсөлдөх үүргийн хугацаа хэт урт байх, хориглосон үйл ажиллагааны хүрээ хэт өргөн байх, үл өрсөлдөх үүрэг хүлээсний оронд олгосон нөхөн олговор тодорхой бус байх зэрэг нөхцөлүүдээс ажилтныг хамгаалах дээрх хууль, эрх зүйн зохицуулалтуудыг анхаарах нь зүйтэй.
Эх сурвалж:
[1] Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1
[2] Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйл
[3] Г. Давааням, “Гэрээний эрх чөлөөний зарчмаас үүдсэн ажилтны үл өрсөлдөх үүрэг”, 2021 он.
[4] Монгол улсын үндсэн хууль 16 дугаар зүйлийн 16.4
[5] Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2
[6] Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3
[7] Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.5
[8] Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4
[9] Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.6
Ном, сурах бичиг
Л. Баасан , “Хөдөлмөрийн маргааны онол, практикийн асуудал”, 2011 он
Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээлэл, нийтлэлийг зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг мэргэжлийн өмгөөлөгчөөс авна уу.