top of page
логотип mgl с R mark_edited_edited.png

     Предоставление идеальных юридических решений

логотип mgl с R mark_edited_edited.png

ООО Авалон Лекс

Предоставление идеальных юридических решений

Аж ахуйн нэгжийн төлөх татварын төрлүүд

  • Фото автора: Ardakh B.
    Ardakh B.
  • 29 июл.
  • 4 мин. чтения

Обновлено: 12 авг.


ree

Энэ удаагийн мэдээгээр аж ахуйн нэгжийн төлөх татварын төрлийн талаар танилцуулахаар бэлтгэлээ.


Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамжаас бүрддэг.[1] Татварын ерөнхий хуульд зааснаар татвар нь нийт 30 төрөлтэй байх бөгөөд тэдгээрийг дор дурдсан үндсэн төрөлд хуваан тайлбарлая. Үүнд:


1.     Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;

2.     Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ);

3.     Бусад татварууд;

4.     Төлбөр;

5.     Хураамж.

 

1.     Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар

Аливаа хуулийн этгээд нь Монгол Улсад байрладаг эсэхээс үл хамааран Монгол Улсад нутаг дэвсгэрт ашиг олсон бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэгтэй. Албан татварыг хуулийн этгээдийн үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсан, шилжүүлсэн орлого болон бусад орлогоос хамаарч дараах байдлаар ногдуулна. [2] Үүнд: [3]



Хүснэгт 1

Татвар ногдох орлого

Татварын хувь хэмжээ

Үйл ажиллагааны орлого

0–6 тэрбум төгрөг

10%

6 тэрбум төгрөгөөс дээш 

600 сая төгрөг + 6 тэрбумаас давсан орлогын 25%

Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого

20%

Хөрөнгийн орлого

Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө ашиглуулсан болон түрээслүүлсний орлого, Эрхийн шимтгэлийн орлого, ногдол ашгийн орлого, хүүгийн орлого

10%

Хөрөнгө борлуулсан, шилжүүлсэн орлого

Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого, хувьцаа, үнэт цаас болон санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлого зэрэг

2%

Бусад орлого

Эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаанаас олсон орлого зэрэг

40%

Дээр дурдсан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч гэж өөрийн төлөөний газраар дамжуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа болон Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олж байгаа гадаадын аж ахуйн нэгжийг ойлгоно.[4] Харин Монгол Улсад байнга оршин суугч хувь хүн нь гадаадын аж ахуйн нэгжийн нийт хувьцаа, саналын эрхийн 50 ба түүнээс дээш хувийг эзэмшдэг бол тухайн аж ахуйн нэгжийг "үйл ажиллагааны удирдлагыг Монгол Улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуйн нэгж” гэж үзэн “Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч” гэдэгт хамруулж, дотоодын аж ахуйн нэгжийн адил татвар ногдуулна. [5] [6] Үүнтэй холбогдуулан хоёр улсад давхар татвар төлөх эсвэл татвар төлөхөөс зайлсхийх зэргээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой харилцааг Давхар татварын гэрээгээр зохицуулдаг. [7]  


2. Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)


Нэмэгдсэн өртгийн албан татвар нь бараа, ажил, үйлчилгээний үнийн дүнгээс ногдуулдаг татвар юм.  Аж ахуйн нэгж нь дараах тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлнэ: [8]

  • Борлуулалтын хэмжээ нь 50 сая төгрөгөөс дээш бол заавал;

  • Борлуулалтын хэмжээ 10 сая төгрөгөөс дээш бол сайн дурын үндсэн дээр бүртгүүлж болно.

Нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээ нь борлуулалтын үнийн дүнгийн 10% байна. [9]


3. Бусад татварууд


Хуулийн этгээдийн үйл ажиллагаанаас хамааран дараах албан татварыг ногдуулдаг.[10]

Тухайлбал:

1.     Гаалийн албан татвар:

-       Гаалийн нутаг дэвсгэрт бараа оруулах буюу түүнээс гаргах үед, гаалийн тарифын дагуу ногдуулж, хураан авч, төлүүлдэг албан татвар юм. Тухайлбал А компани бүтээгдэхүүнээ Хятад Улсаас импортолдог бол тухайн бараанд гаалийн тарифын дагуу гаалийн албан татвар төлнө.

 

2.     Онцгой албан татвар:

-       Онцгой хэрэглээний бараа буюу архи согтууруулах ундаа зэрэг онцгой хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, борлуулах үйл ажиллагаа эрхэлж буй компанийн төлөх албан татварыг ойлгоно.

 

3.     Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар:

-       Аж ахуйн нэгж өөрийн өмчилж буй үл хөдлөх эд хөрөнгөө борлуулсны, ашиглуулсан болон түрээслүүлсний орлого олсон бол уг орлогыг олохтой холбогдон гарсан зардлыг хасаж төлөх албан татварыг ойлгоно.

 

4.     Нийслэлийн хотын албан татвар:

-       Улаанбаатар хотод зочид буудал, ресторан болон амралтын газар зэрэг үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжид ногдох албан татварыг.

 

5.     Автобензин, дизелийн түлшний албан татвар:

-       Автобензин, дизелийн түлш үйлдвэрлэсэн болон импортлон оруулж байгаа аж ахуйн нэгж энэхүү албан татварыг төлнө.


4. Төлбөр, хураамж


Төрийн байгууллагаас аливаа этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилгээ үзүүлсний төлөө тэднээс тухай бүр авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг хураамж гэнэ.[11] Харин төрийн өмчийн газар, газрын хэвлий, байгалийн баялаг, ой, ургамал, рашаан, ашигт малтмал, газрын тосны нөөц, агаар, ус, хөрс ашигласны, бохирдуулсны, ан амьтан агнасны төлөө аливаа этгээдээс авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ.[12] Жишээлбэл, аж ахуйн нэгж нь үйл ажиллагааны хүрээнд дараах төрлийн төлбөр болон хураамж төлнө: [13]

1.     Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр:

-       Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч зэс, алт зэрэг ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгжид төлбөр ногдуулна.

2.     Агаарын бохирдлын төлбөр:

-        Тухайлбал, түүхий нүүрс олборлох зэргээр агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгж агаарын бохирдлын төлбөрийг төлөх үүрэгтэй.

 

Дээр дурдсанчлан, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олж буй аж ахуйн нэгж нь орлого, бараа, ажил, үйлчилгээ, эд хөрөнгө, байгалийн нөөц ашиглалт зэргээс хамааран төрөл бүрийн татвар, төлбөр, хураамж төлөх үүрэгтэй байдаг. Иймд тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд холбогдох татварын харилцааг зөв тодорхойлж, хууль тогтоомжийн дагуу тайлагнах, төлөх үүргээ биелүүлэх нь санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хуулийн дагуу тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.


Эх сурвалж:

[1] Татварын ерөнхий хуулийн 7.1 дүгээр зүйл

[2]  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7.4  дэх хэсэг

[3] Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйл

[4] Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5.5 дугаар зүйл

[5] Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 31.1 дэх хэсэг

[6] Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 31.2 дэх хэсэг

[7] Сангийн сайдын 2019 оны 12-р сарын 27-ний өдрийн 293 тоот тушаалаар баталсан Татварын харилцан тохирох журам

[8] Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5.2 дах хэсэг

[9] Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11.1 дэх хэсэг

[10] Татварын ерөнхий хуулийн 7-р зүйл

[11] Татварын ерөнхий хуулийн 6.1.40 дүгээр зүйл

[12] Татварын ерөнхий хуулийн 6.1.36 дугаар зүйл

[13] Татварын ерөнхий хуулийн 7-р зүйл



 

Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээ, нийтлэлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд, зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг өмгөөлөгчөөс авна уу.

 

 

 

 

 

 

 

 
 
bottom of page