top of page

Хуулийн этгээдийн зарим төрөл, хэлбэрийн тухай

  • Writer: Tuvshinjargal T.
    Tuvshinjargal T.
  • 1 day ago
  • 2 min read

Энэхүү мэдээллээр хуулийн этгээдийн зарим төрөл, хэлбэр, тэдгээрийн онцлогийн талаар товч танилцуулах болно.


Юун түрүүнд Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хуулийн этгээд гэх ойлголтыг хэрхэн тодорхойлдог талаар товч танилцуулах нь зүйтэй. Хуулийн этгээд гэдэг нь өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг ойлгохоор хуульд заажээ. [1]


Аливаа хуулийн этгээд нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр эрх зүйн харилцаанд бие дааж оролцох эрхтэй болдог. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээд нь ийнхүү өөрийн гэсэн нэр, тамга, тэмдэг, тусгайлсан хөрөнгийг ашиглан эрх зүйн харилцаанд орж, өөрийн үйл ажиллагааны үр дүнд үүсэх үр дагаврыг хариуцдаг.

Хуулийн этгээд нь ашгийн төлөө болон ашгийн төлөө бус гэсэн үндсэн хоёр төрөлтэй бөгөөд ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл эсвэл компанийн хэлбэрээр байгуулдаг. Харин ашгийн төлөө бус хуулийн этгээдийг холбоо, сан, хоршооны хэлбэрээр байгуулдаг байна.[2] Ашгийн төлөө хуулийн этгээд нь ашиг олох зорилготой үйл ажиллагаа эрхэлдэг бол ашгийн төлөө бус хуулийн этгээд нь ашиг олох зорилгогүйгээр өөрсдийн сайн дурын үндсэн нэгдэн тодорхой зорилготойгоор үйл ажиллагаа эрхэлдэг.


Компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй хуулийн этгээд юм. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улсад 2025 оны Нэгдүгээр улирлын байдлаар нийт 88,371 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ нь аж ахуйн үйл ажиллагааны хамгийн түгээмэл хэлбэр юм. [3] (хоршоо: 4,210; нөхөрлөл: 1,610) Компанийг дараах хоёр хэлбэрээр үүсгэн байгуулдаг. Үүнд: 1. Хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК); 2. Хувьцаат компани (ХК) хамаарна. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн тухайд хувьцаагаа захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг. [4] Өөрөөр хэлбэл, хувьцаа нь нээлттэй арилжаанд ордоггүй бөгөөд компанийн хамгийн түгээмэл хэлбэр юм. Харин хувьцаат компани нь хувьцаа гаргаж олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж болдог бөгөөд дотроо нээлттэй болон хаалттай гэсэн төрөлтэй.[5]


Нөхөрлөлийн хувьд бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай, зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай, хязгаарлагдмал хариуцлагатай гэсэн хэлбэрүүдээр байгуулагддаг бөгөөд эдгээр асуудлыг өөрсдийн үүсгэн байгуулах баримт бичиг болох нөхөрлөлийн дүрмээр нарийвчлан зохицуулдаг[6].


            Хуулийн этгээдийн төрөл, тэдгээрийн эрх зүйн суурь ойлголт, үйл ажиллагааны үндсэн ялгааны талаар ойлголттой байх нь иргэд, аж ахуйн нэгжүүд шинээр хуулийн этгээд үүсгэн байгуулахдаа түүний хэлбэрийг өөрсдийн хэрэгцээ, зорилгод нийцсэн байдлаар сонгох, цаашлаад эрх, үүргээ ойлгож хэрэгжүүлэх, эрх зүйн харилцаанд үр нөлөөтэйгөөр оролцох боломжийг бий болгох юм.


Эх сурвалж:

[1] Монгол улсын Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг

[2] Монгол улсын Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг

[3] Үндэсний статистикийн хорооны статистикийн мэдээ “Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын тоо, улирал, улс, хариуцлагын хэлбэрээр” 2025 оны Нэгдүгээр улирал

[4] Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5

[5] Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.6

[6] Нөхөрлөлийн тухай хуулийн 3 дугаар зүйл



 

Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээлэл, нийтлэлийг зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг мэргэжлийн өмгөөлөгчөөс авна уу.

 

 

 

 

 

 

 

 
 
bottom of page