Компанийн эрх бүхий албан тушаалтны хариуцлагын тухай
- Tuvshinjargal T.
- 9 hours ago
- 2 min read

Энэхүү мэдээллээр компанийн эрх бүхий албан тушаалтны хариуцлагын тухай товч танилцуулах болно.
Юун түрүүнд Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд компанийн эрх бүхий албан тушаалтныг хэрхэн тодорхойлсон талаар авч үзье. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд “Компанийн эрх бүхий албан тушаалтан” болон түүний үүргийн талаар зохицуулсан байна.
Компанийн эрх бүхий албан тушаалтанд:
- төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн;
- гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн;
- гүйцэтгэх захирал;
- санхүүгийн албаны дарга;
- ерөнхий нягтлан бодогч;
- ерөнхий мэргэжилтэн;
- төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг хамааруулахаар заажээ.[1] Түүнчлэн компани өөрийн онцлогтоо тохируулан эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг компанийн дүрэмдээ оруулж болно.[2]
Компанийн эрх бүхий албан тушаалтан нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд зааснаар дараах үүрэгтэй байна.[3] Үүнд:
1. Хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх;
2. Үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, компанийн тухай хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх;
3. Компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах;
4. Шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийж сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа тухай бүр мэдэгдэх;
5. Өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хөндлөнгийн этгээдээс бэлэг, урамшуулал авахгүй байх;
6. Компанийн нууцад хамаарах мэдээллийг бусдад задруулах, хувийн сонирхлын зорилгоор ашиглахгүй байх.
Компанийн эрх бүхий албан тушаалтан нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас компанид хохирол учирсан тохиолдолд учруулсан хохирлыг өөрийнх нь хөрөнгөөр нөхөн төлүүлэх талаар хуульд заажээ.
Компанийн эрх бүхий албан тушаалтны хариуцлагын хувьд дараах хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас компани, хувьцаа эзэмшигч болон зээлдүүлэгчид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтан нь өөрийн хөрөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна.[4] Үүнд:
1. Компанийн нэрийг хувийн сонирхлоор ашигласан бол;
2. Хувьцаа эзэмшигч болон зээлдүүлэгчид санаатайгаар хуурамч мэдээлэл өгсөн;
3. Мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй;
4. Компанийн хадгалах үүрэгтэй компанийн баримт бичгийг зохих журмын дагуу хадгалаагүй;
5. Компанийн жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, компанийн нэгдмэл сонирхолтой этгээдийн нэр, тэдгээрийн эзэмшлийн хувьцааны төрөл, тоо болон Санхүүгийн зохицуулах хороо болон үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын дүрэм, журмаар тогтоосон бусад мэдээллийг мэдээлэл авах эрх бүхий этгээдэд гаргаж өгөөгүй, хугацаа хожимдуулан гаргаж өгснөөс үүдэн компани болон бусад этгээдэд учирсан хохирлыг эрх бүхий албан тушаалтан нь өөрийн хөрөнгөөр нөхөн төлөхөөр тус тус зохицуулжээ.
Мөн компанийн эрх бүхий албан тушаалтан нь өөрийн буруугаас компанид хохирол учруулснаас үүдэн холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулсан эсэхээс үл хамааран дээр дурдсан хариуцлага хүлээлгэж болно.[5]
Иймд дээрх үндэслэлээр компани, хувьцаа эзэмшигч болон зээлдүүлэгч нь компанийн эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан аливаа хохирлыг буруутай эрх бүхий албан тушаалтнаас шаардах эрхтэй бөгөөд энэхүү үүргээ удаа дараа биелүүлэхгүй байвал компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага /Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн улмаас хохирол учирсан тохиолдолд эсрэг саналтай байсан гишүүн, тус шийдвэрийг гаргахад байлцаагүй гишүүн/ шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шаардах эрхээ хэрэгжүүлж болно.
Эх сурвалж:
[1] Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэг;
[2] Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэг;
[3] Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4 дэх хэсэг;
[4] Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэг;
[5] Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэг.
Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээ, нийтлэлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд, зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг өмгөөлөгчөөс авна уу.