Нууцлалын гэрээг ажилтан, түнштэй байгуулахад анхаарах зүйлс

Нууц хадгалахтай холбоотой харилцааг Монгол Улсын Үндсэн хууль[1], Иргэний хууль [2], Байгууллагын нууцын тухай хууль[3], Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулж байна.
Байгууллагын нууцын тухай хуульд зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг байгууллагын нууцад хамааруулж болно.” [4] Тодруулбал, нууцад хамаарах мэдээллийг байгууллага өөрийн дотоод журмаар тодорхойлох, түүнтэй харьцах этгээдийг урьдчилан тогтоох боломжтой юм.[5] Иймд тухайн мэдээлэлтэй харилцах, үүнийг ашиглах этгээдтэй гэрээ байгуулах нь байгууллагын тогтвортой үйл ажиллагааг хангах, оюуны өмчийн эрхийг хамгаалахад ач холбогдолтой тул дараах зүйлсийг нууцлалын гэрээнд тусгах нь зохимжтой:
Нууцад хамаарах мэдээлэл, түүнтэй танилцах эрх бүхий этгээд;
Гэрээний талуудын эрх, үүрэг;
Гэрээний хугацаа: Харилцан тохиролцож үйлдвэрлэл, бизнесийн нууцыг хамгаалах зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш тодорхой хугацаанд ажил олгогчтой шууд өрсөлдөгч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд ажиллах, эсхүл ажилтан өөрөө ажил олгогчтой шууд өрсөлдөх үйл ажиллагаа эрхлэхгүй байх тухай үүрэг хүлээх нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно; [6]
Хариуцлага: Нууц мэдээллийг алдсан, зөвшөөрөлгүй ашигласан, задруулсан гэж үзэх нөхцөл,хариуцлага болон учирсан хохирлыг нөхөн төлүүлэх. Мөн мэдээлэл алдагдсан эсэхийг тогтооход шаардлагатай баримт, мэдээллийг хадгалах, гаргаж өгөх, хамтран ажиллах үүрэг;
Маргаан шийдвэрлэх харьяалал: Гэрээний хэрэгжилттэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд талуудын гомдол гаргах, хаана шийдвэрлүүлэх талаар.
Ийнхүү нууцлалын гэрээ байгуулснаар бизнесийн үнэ цэнтэй мэдээллийг бүрэн хамгаалсан гэж үзэхэд хүндрэлтэй. Гэвч нууц мэдээллийн хүрээг тодорхой тогтоож, мэдээлэл ашиглах нөхцөл, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг гэрээнд нарийвчлан тусгах нь бизнес эрхлэгчийн хувьд учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад чухал алхам болох юм.
Эх сурвалж:
[1] Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17 дах хэсэг
[2] Иргэний хууль (2002 он)
[3] Байгууллагын нууцын тухай хууль (1995)
[4] Байгууллагын нууцын тухай хуулийн (1995) 3 дугаар зүйлийн 2 дах хэсэг
[5] Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэг
[6] Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэг
Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээ, нийтлэлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд, зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг өмгөөлөгчөөс авна уу.



