Цуврал 2: Гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулахад анхаарах зүйлс - Гүйцэтгэх захирал томилох

Updated: Aug 11
Гадаадын хөрөнгө оруулагч Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай компани үүсгэн байгуулахдаа урьдчилан анхаарч, төлөвлөх шаардлагатай хууль, эрх зүйн асуудлуудыг бид цувралаар хүргэж байна. Энэ удаагийн дугаарт гадаадын хөрөнгө оруулалттай компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалт болон практик асуудлыг товч танилцуулъя.
Гадаадын хөрөнгө оруулагч нь Монгол Улсад байнга оршин суудаггүй, эсхүл компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд шууд оролцох боломжгүй байдлаас шалтгаалан Монгол Улсын иргэнийг гүйцэтгэх удирдлагаар томилох тохиолдол түгээмэл байдаг. Олон улсын бизнесийн практикт “nominee director” буюу “нэр төдий томилогдсон этгээд” гэх нэршил байдаг боловч Монгол Улсын хууль тогтоомжид энэхүү ойлголтыг тусгайлан зохицуулаагүйгээс гадна компанийн гүйцэтгэх удирдлага заавал Монгол Улсын иргэн байх шаардлагыг хуульд заагаагүй.
Компанийн улсын бүртгэлд гүйцэтгэх удирдлагаар бүртгэгдсэн этгээд нь компанийн хууль ёсны төлөөлөгчид тооцогдож, компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах, гэрээ хэлцэл байгуулах, төрийн байгууллага болон гуравдагч этгээдтэй харилцах, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах зэрэг хууль болон гэрээнд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.[1][2]
Иймд гүйцэтгэх удирдлагыг зөвхөн бүртгэлийн зориулалтаар томилохоос өмнө тухайн албан тушаалын эрх хэмжээ, түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг сайтар ойлгох шаардлагатай. Учир нь компанийн дотоод харилцааны хүрээнд байгуулсан аливаа тохиролцоо, тухайлбал “гүйцэтгэх удирдлага зөвхөн хувьцаа эзэмшигчийн зааврын дагуу ажиллана” зэрэг нөхцөл нь гуравдагч этгээдийн өмнө түүний төлөөлөх эрхийг шууд хязгаарлахгүй.[2] Үүнээс үүдэн итгэлцлийн үндэсгүйгээр томилогдсон этгээд нь хөрөнгө оруулагчийн эрх, бизнесийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсгэх бүрэн боломжтой ба хөрөнгө оруулагч Монгол Улсад байнга оршин суудаггүй нөхцөлд энэхүү эрсдэл илүү өндөр болно.
Нөгөө талаас, гүйцэтгэх удирдлагын албан тушаал нь зөвхөн чиг үүрэг бус, тодорхой хууль зүйн хариуцлагыг мөн дагуулдаг. Хуульд заасны дагуу гүйцэтгэх удирдлага нь тухайн компанийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн үнэн зөв байдлыг хариуцна. [3] Мөн компанийн эрх бүхий албан тушаалтны хувьд өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн компанид учруулсан хохирлыг нөхөн төлөх, хуульд заасан бусад хариуцлага хүлээдэг. [4] Иймээс компани санхүү, үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд гүйцэтгэх удирдлага нь эрх бүхий байгууллагын өмнө тайлбар гаргах, хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас компани, хувьцаа эзэмшигч болон бусад холбогдох этгээдүүдэд учруулсан хохирлыг нөхөн төлөх зэрэг нөхцөл бүрдэж болзошгүй.[5]
Иймд гадаадын хөрөнгө оруулагчид гүйцэтгэх удирдлагыг томилох асуудлыг дан ганц бүртгэлийн шаардлага гэж бус, харин компанийн засаглал, хяналт, эрсдэлийн удирдлагын хүрээнд авч үзэх чухал ач холбогдолтой шийдвэр гэж ойлгох нь зүйтэй.
Эх сурвалж:
[1] Компанийн тухай хууль, 83.1
[2] Иргэний хууль 65.1
[3] Компанийн тухай хууль, 95.4
[4] Компанийн тухай хууль 85.4
[5] Компанийн тухай хууль, 85.2
Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээ, нийтлэлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд, зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг өмгөөлөгчөөс авна уу.



