Гэрээг нотариатчаар заавал гэрчлүүлэх шаардлагатай юу?

Гэрээ байгуулахад талууд гарын үсэг зурахад л хангалттай юу, эсвэл нотариатчаар заавал гэрчлүүлэх шаардлагатай юу? Энэ талаар иргэд төдийгүй бизнес эрхлэгчид ч заримдаа эргэлздэг. Гэрээг нотариатчаар гэрчлүүлээгүй бол хүчин төгөлдөр бус гэж ойлгох нь ч бий. Гэвч бүх гэрээг нотариатчаар гэрчлүүлэх шаардлагагүй бөгөөд энэ нь тухайн гэрээний төрөл, хуульд заасан шаардлагаас хамаардаг.[1]
Харин хуульд нотариатаар гэрчлүүлэхээр заасан гэрээг зохих журмын дагуу гэрчлүүлээгүй тохиолдолд хүчин төгөлдөр бус болох эрсдэлтэй. [2] Иймд гэрээ байгуулахаасаа өмнө нотариатаар гэрчлүүлэх шаардлагатай эсэхийг нягтлах нь чухал юм. Хуульд дараах гэрээ, хэлцлийг нотариатчаар заавал гэрчлүүлэхээр заасан байдаг. Үүнд:
Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцэл;
Гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээ;
Орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцэл;
Өөрт бэлэн байгаа бүх эд хөрөнгө, түүний тодорхой хэсгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, хязгаартайгаар эзэмшүүлэх, ашиглуулах /узуфрукт/ гэрээ;
Тэжээн тэтгэх гэрээ;
Эрх шилжүүлэх гэрээ;
Хувьцаа, бусад үнэт цаасыг бусдын өмчлөлд шилжүүлэх гэрээ болон хуульд заасан бусад гэрээ зэрэг.[3]
Харин хуульд заавал нотариатаар гэрчлүүлэхээр заагаагүй боловч хуульд харшлаагүй гэрээ, хэлцлийг талуудын хүсэлтээр нотариатаар гэрчлүүлж болно. [4] Энэ нь талуудын байгуулсан гэрээний нөхцөл, харилцан тохиролцсон асуудлыг баталгаажуулах, гэрээний агуулга болон түүнээс үүсэх эрх, үүргийг ойлгож байгаа эсэхийг нягтлахад ач холбогдолтой.
Гэсэн хэдий ч нотариатаар гэрчлүүлсэн байх нь гэрээний үүрэг заавал биелэгдэх, эсвэл маргаан гарахгүй байх баталгаа биш юм. Гэрээний хүчин төгөлдөр байдал, талуудын эрх, үүрэг нь гэрээний агуулга болон хуульд нийцсэн эсэхээс мөн хамаарна. Тиймээс гэрээ байгуулахаасаа өмнө тухайн гэрээг нотариатаар гэрчлүүлэх шаардлагатай эсэхийг нягталж, гэрээний нөхцөл, төлбөр тооцоо, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой тусгах нь зүйтэй.
Эх сурвалж:
[1] Иргэний хууль (2002), 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэг
[2] Иргэний хууль (2002), 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг
[3] Нотариатын тухай хууль (2011), 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэг
[4] Нотариатын тухай хууль (2011), 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэг
Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээ, нийтлэлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд, зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг өмгөөлөгчөөс авна уу.



