top of page

Хувьцаа шилжүүлэхэд төлөх албан татварын хувь, хэмжээ

  • Writer: Badamgarav E.
    Badamgarav E.
  • Oct 28
  • 4 min read

ree

Энэхүү мэдээллээр хувьцаа шилжүүлэхтэй холбогдсон татварын эрх зүйн зохицуулалт, хувь хүн болон хуулийн этгээдийн хувьд үүсэх татварын үүргийн талаар товч танилцуулъя.


Хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшиж буй хувьцааг өөр этгээдэд худалдах, арилжих болон бусад хэлбэрээр шилжүүлж буй үйлдэл нь эдийн засгийн харилцааны нэг хэлбэр бөгөөд хуулиар татвар ногдуулах нөхцөл үүсдэг.  Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт нь эд хөрөнгийн эрхээ бусдад шилжүүлж буй үйлдэл тул үүний үр дүнд олсон орлогод татвар ногдуулах үндэслэл болдог. Тодруулбал, 


Хувь хүний орлогод ногдуулах татвар: Хувь хүн өөрийн эзэмшиж буй хувьцааг бусдад шилжүүлснээр хуульд заасны дагуу “хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого” ангилалд хамаарна.[1] Тухайн хувьцааг бусдад шилжүүлснээр ашиг (өөрийн өртгөөс давсан дүн) олсон тохиолдолд тухайн ашигт орлогоос уг хувьцааг худалдан авсан үнэ болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдох бусад зардлыг хассан дүнгээр татвар суутган төлнө.[2] Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод 10 хувийн татвар төлдөг. [3]


Хуулийн этгээдийн орлогод ногдуулах татвар: Хуулийн этгээд өөрийн эзэмшлийн хувьцаагаа шилжүүлэн орлого олсон тохиолдолд хуульд заасны дагуу “хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого” ангилалд хамаарна. Тухайлбал, компани өөрийн охин компанийн хувьцааг бусдад худалдаж, орлого олсон тохиолдолд үүнд хамаарна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар хувьцаа борлуулсан, шилжүүлсэн үнээс уг хувьцааг худалдан авахад төлсөн баримтаар нотлогдож байгаа шимтгэлийн дүнг хасаж, албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.[4][5]


Үүнээс гадна ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших эрх эзэмшигч хуулийн этгээдийн эцсийн эзэмшигч нь хувьцаа, хувь оролцоогоо өөрчлөх замаар эрх борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогыг тухайн эрх эзэмшигчийн “төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого”-д тооцдог. Татварын ерөнхий хуульд тодорхойлсноор "эцсийн эзэмшигч" гэж ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах эрх эзэмшигч этгээдийн 30 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийг өөрөө, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшдэг, саналын эрхийг төлөөлүүлэн хэрэгжүүлдэг, эсхүл ногдол ашгийг хүлээн авах эрхтэй этгээдийг ойлгоно. [5-1] Уг орлогын суурийг хуульд заасан журмын дагуу тооцсон тухайн эрх, тусгай зөвшөөрлийн үнэлгээнээс баримтаар нотлогдох зардлуудыг хасаж, тухайн эрх эзэмшигчийн хувьцаанд хамаарах хэмжээгээр тухайн эрхийн үнэлгээнээс хувь тэнцүүлэн тооцож, албан татвар ногдуулах орлогыг эцэслэн тодорхойлж, 10 хувийн татварыг ногдуулна.[6][7][8][9] Энэ тохиолдолд, Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч эцсийн эзэмшигчийн хувьцаа, хувь оролцоо, саналын эрхээ борлуулсан, шилжүүлсний орлого болон хуульд заасны дагуу тооцсон эрх борлуулсан, шилжүүлсний орлогын зөвхөн аль өндөр дүнтэй орлогод холбогдох албан татварыг ногдуулна. Бага дүнтэй орлогыг албан татвараас чөлөөлнө.[11]


Харин стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эцсийн эзэмшигч нь хуулийн этгээдийн хувьцаа, хувь оролцоо, саналын эрхээ бэлэглэх, өв залгамжлалаар өвлүүлэх хэлбэрээр газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн бусдад шилжүүлсэн тохиолдолд 30 хувиар татвар ногдуулна.[10]


Хуульд заасны дагуу эцсийн эзэмшигч нь эрх эзэмшигчийн тухайд төлөөлүүлэн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн нийт дүн, хэмжээг өөрчлөлгүйгээр эрх эзэмшигчээс эцсийн эзэмшигч хүртэлх үргэлжилсэн хэлхээ холбоонд хамаарах хуулийн этгээд хооронд хувьцаа шилжүүлэх, нэгдэх, нийлэх, тусгаарлах, шинэ хуулийн этгээд үүсгэн байгуулах хэлбэрээр хэлхээ холбоо доторх хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн бүтцийг өөрчилсөн тохиолдолд эрх борлуулсан, шилжүүлсэн гэж үзэхгүй. [12] Тухайлбал, энэхүү зохицуулалт нь компанийн дотоод бүтцийн өөрчлөлтийг татварын үйлдэл гэж үзэхгүй байх, компанийн эцсийн эзэмшигч өөрчлөгдөөгүй, мөн нийт хувьцаа болон саналын эрхийн хэмжээ ижил хэвээр байгаа бол дотоод бүтцэдээ хийгдсэн хувьцаа шилжүүлэлт, нэгдэл, нийлэл, тусгаарлалт зэрэг өөрчлөлтийг “эрх борлуулсан, шилжүүлсэн” гэж үзэхгүй тул татвар ногдуулахгүй.


Мөн эрх эзэмшигчийн өөрийн, эцсийн эзэмшигчийн болон эрх эзэмшигчээс эцсийн эзэмшигч хүртэлх үргэлжилсэн хэлхээ холбоонд хамаарах хуулийн этгээдийн хувьцаа гадаад, дотоодын хөрөнгийн биржид нээлттэй арилжаалагддаг бол үргэлжилсэн 12 сарын хугацаанд эрх эзэмшигч, түүний эцсийн эзэмшигчийн нээлттэй арилжаалсан хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийн 20 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээнд хамаарах эрх борлуулсан, шилжүүлсний орлогын дүнг албан татвараас чөлөөлөхөөр тус тус зохицуулсан.[13]


Ийнхүү хувь хүн болон хуулийн этгээд өөрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлэх үедээ орлогын төрөл, татварын хувь хэмжээ, тайлагналын үүргээ ойлгон, татварын хууль тогтоомжид нийцүүлэн бүртгэл, тайлангаа гаргах нь хууль зүйн болон санхүүгийн эрсдэлээс сэргийлэх чухал алхам болно.


Эх сурвалж:

[1] Хувь хүний орлогын албан татварын тухай хууль), 10 дугаар зүйл 10.1.4

[2] Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, 17 дугаар зүйл 17.1.3

[3] Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, 21 дүгээр зүйл 21.2.4

[4] Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, 10 дугаар зүйл 10.1.3

[5] Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, 18 дугаар зүйл 18.3

[5-1] Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, 30 дугаар зүйл 30.1, Татварын ерөнхий хууль 6 дугаар зүйл 6.1.48

[6] Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, 30 дугаар зүйл 30.2

[7] Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, 30 дугаар зүйл 30.3, 30.3.1-30.3.2

[8] Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, 30 дугаар зүйл 30.4

[9] Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, 30 дугаар зүйл 30.10.2

[10] Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, 30 дугаар зүйл 30.10.1

[11] Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, 30 дугаар зүйл 30.7

[12] Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, 30 дугаар зүйл 30.8

[13] Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, 30 дугаар зүйл 30.9



Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээ, нийтлэлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд, зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг өмгөөлөгчөөс авна уу.

 

 

 

 

 

 

 

 
 
bottom of page