top of page

Компанийн өрийг хувьцаа эзэмшигч хариуцах уу?

  • Writer: Badamgarav E.
    Badamgarav E.
  • 2 days ago
  • 2 min read

ree

Энэхүү мэдээллээр компанийн эд хөрөнгө болон хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгийг ялган зааглах талаар Монгол Улсын Компанийн тухай хуульд хэрхэн зохицуулсан байдаг талаар танилцуулахаар бэлтгэлээ.


Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэнэ. Эдгээр нь компанийн үйл ажиллагааг санхүүжүүлэх, өр төлбөрийг барагдуулахад зориулагдана.[1] Өөрөөр хэлбэл, компани нь бие даасан хуулийн этгээдийн хувьд өөрийн тусгаарласан хөрөнгөтэй байна.


Хувьцаа эзэмшигч нь компанид хөрөнгө оруулж, хувьцаа эзэмших бөгөөд тухайн хувьцаа нь хувьцаа эзэмшигчийн хувийн эд хөрөнгийн эрх болно. Энэ хувьцаанд тулгуурлан ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхтэй оролцох, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх боломжтой.[2] Гэвч компанийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх, хөдлөх болон мөнгөн хөрөнгийг хувьцаа эзэмшигч шууд захиран зарцуулах хууль зүйн боломжгүй.[3]


Иймээс компанийн хөрөнгө бол компанийн нэр дээр бүртгэлтэй, зөвхөн компанийн өмч байхад, хувьцаа эзэмшигчийн хөрөнгө бол компанид эзэмшиж буй хувьцаа юм. Энэ ялгаанаас үүдэн компанийн өр, үүргийг зөвхөн компанийн хөрөнгөөр барагдуулдаг. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигч нь компанийн өрийг өөрийн хувийн хөрөнгөөр хариуцахгүй. Харин тэрхүү хариуцлага нь зөвхөн компанид оруулсан хөрөнгө буюу хувьцааны хэмжээгээр хязгаарлагддаг байна.[4] Энэ нь хөрөнгө оруулагчийг хамгаалдаг хамгийн чухал зохицуулалтуудын нэг юм.


Гэвч хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь түүний бусад хувийн хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй, холилдсон бол тухайн хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцахаар хуульчилсан.[5] Улсын Дээд шүүхээс үүнийг “компанид оруулсан хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөд бүртгэгдэн, тайлан тэнцэлд тусгагдаж, түүний хувийн эд хөрөнгөөс зааглагдсан байх шаардлагатай” гэж тайлбарласан. [5] Харин хөрөнгө, эрхийн зааг тодорхой тогтоогдсон бол зөвхөн компанид оруулсан хөрөнгийн хэмжээгээр хязгаарлагдана.[6] Үүнээс үүдэн хөрөнгө, эрхийн зааг ялгааг тодорхой тогтоох нь хувьцаа эзэмшигчийн хязгаарлагдмал хариуцлагыг хангах үндсэн нөхцөл болохыг харуулдаг.


Мөн компани татан буугдах тохиолдолд татан буулгах комисс нь зээлдүүлэгч болон бусад үүрэг гүйцэтгүүлэгчийн өр төлбөрийг барагдуулсны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогыг хуульд заасан дарааллын дагуу хувьцаа эзэмшигчдэд хуваарилдаг. Ингэхдээ үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогыг компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж байгаа хувьцааны тоотой хувь тэнцүүлэн хуваарилдаг.[9]


Дээрх нөхцөлүүдийг харгалзан компанийн эд хөрөнгө болон хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгийн заагийг тодорхой тогтоох нь зөвхөн хууль зүйн шаардлага бус, хөрөнгө оруулагчдын итгэл, тэдгээрийн хувийн эд хөрөнгийн найдвартай байдлыг хангах чухал баталгаа болох юм.


Эх сурвалж:

[1] Компанийн тухай хууль, 9 дүгээр зүйлийн 9.1

[2] Компанийн тухай хууль, 3 дугаар зүйлийн 3.3

[3] Компанийн тухай хууль, 3 дугаар зүйлийн 3.2

[4] Компанийн тухай хууль, 9 дүгээр зүйлийн 9.3

[5] Компанийн тухай хууль, 9 дүгээр зүйлийн 9.5, Улсын Дээд шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №27 дугаар тогтоол “Компанийн тухай монгол улсын хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай”, 14

[6] Компанийн тухай хууль, 9 дүгээр зүйлийн 9.3

[7] Компанийн тухай хууль, 53,54 дүгээр зүйл

[8] Компанийн тухай хууль, 30 дугаар зүйлийн 30.1

[9] Компанийн тухай хууль, 28 дугаар зүйл



Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээ, нийтлэлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд, зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг өмгөөлөгчөөс авна уу.

 

 

 

 

 

 

 

 
 
bottom of page