top of page

Татварын актад гомдол гаргах хуулийн хугацаа ба дараалал

  • Writer: Ardakh B.
    Ardakh B.
  • May 21
  • 1 min read

Энэ удаагийн мэдээгээр Монгол Улсын Татварын ерөнхий хуульд заасан татварын актад гомдол гаргах хугацаа ба дарааллын талаар товч танилцуулахаар бэлтгэлээ.


Татварын акт гэж татварын улсын байцаагчийн үйлдсэн нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, татварын буцаан олголтын актыг ойлгоно. [1] 


Хэрэв татвар төлөгч татварын актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй бол татварын актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно.[2] 


Татвар төлөгч гомдлоо дараах харьяаллын дагуу гаргана. Үүнд:[3] 

1.     Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа татвар төлөгч бол Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд;

2.     Аймаг, суманд үйл ажиллагаа эрхэлж байгаа татвар төлөгч бол Аймгийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд;

3.     Том татвар төлөгч бол Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд тус тус гомдол гаргана.


Маргаан таслах зөвлөл нь татвар төлөгч гомдол гаргаснаас хойш 30 хоногийн дотор гомдлыг шийдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд энэ хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгана.[4]  


Хэрэв татвар төлөгч Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор харьяаллын Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандах эрхтэй. [5]  


Иймд татвар төлөгч татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй бол хуульд заасан хугацаанд гомдлоо гаргах бөгөөд уг хугацаанд гомдол гаргаагүй тохиолдолд гомдол гаргах эрхээ алдах эрсдэлтэй.  



Эх сурвалж:

[1] Татварын ерөнхий хуулийн 6.1.26 дахь заалт

[2] Татварын ерөнхий хуулийн 47.1 дэх хэсэг

[3] Татварын ерөнхий хуулийн 47.5.1, 47.5.2 дахь заалтууд

[4] Татварын ерөнхий хуулийн 47.15, 47.16 дахь заалтууд

[5] Татварын ерөнхий хуулийн 47.19 дэх хэсэг

 



 Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээ, нийтлэлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд, зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг өмгөөлөгчөөс авна уу.

 

 

 

 

 
 
bottom of page