top of page

Компанийн гүйцэтгэх захирлын үүрэг, хариуцлагын тухай

  • Writer: Tuvshinjargal T.
    Tuvshinjargal T.
  • May 14
  • 1 min read

Энэхүү мэдээллээр компанийн гүйцэтгэх захирлын үүрэг, хариуцлагын тухай товч танилцуулах болно.


Юун түрүүнд Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд компанийн гүйцэтгэх захирлыг хэрхэн тодорхойлсон талаар авч үзье. Компанийн тухай хуульд зааснаар гүйцэтгэх захирал гэдэг нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг хэлнэ. [1]


Компанийн гүйцэтгэх захирал нь Компанийн тухай хуульд зааснаар дараах үүргийг хүлээж ажиллана. [2] Үүнд:

1.     Хууль болон компанийн дүрэм, хөдөлмөрийн гэрээнд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, үүргээ чандлан биелүүлэх;

2.     Компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах;

3.     Шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийж сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа тухай бүр мэдэгдэх;

4.     Өөрийн ажлын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хөндлөнгийн этгээдээс бэлэг, урамшуулал авахгүй байх;

5.     Компанийн нууцад хамаарах мэдээллийг бусдад задруулах, хувийн сонирхлын зорилгоор ашиглахгүй;

6.     Компанийн нягтлан бодох бүртгэл болон санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцах үүрэгтэй.

 

Гүйцэтгэх захирал нь компанийн “эрх бүхий албан тушаалтны хувьд” дээр дурдсан үүргээ биелүүлээгүйн улмаас компани болон бусад этгээдэд учирсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлөх хариуцлага хүлээдэг. [3]

 



Эх сурвалж:

[1] Компанийн тухай хуулийн 83 дүгээр зүйлийн 83.1 дэх хэсэг;

[2] Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4, 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэг;

[3] Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4 дахь хэсэг.

 



 Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээ, нийтлэлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд, зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг өмгөөлөгчөөс авна уу.

 

 

 

 

 
 
bottom of page