top of page

Компани худалдан авахаас өмнө хууль зүйн магадлан дүгнэлт (DDR) хийх нь ямар ач холбогдолтой вэ?

  • Writer: Baigali B.
    Baigali B.
  • 2 days ago
  • 2 min read

Энэ удаагийн мэдээгээр компанийг (хувьцаа) худалдан авахаас өмнө хууль зүйн магадлан дүгнэлт хийлгүүлэх ач холбогдлын талаар товч танилцуулахаар бэлтгэлээ.


Хууль зүйн магадлан дүгнэлт (англиар: “Legal Due Diligence”, “Due Diligence Review” буюу DDR) гэдэг нь хуульчийн зүгээс компани, бизнес эсхүл хөрөнгөтэй холбоотой хэлцэл хийхээс өмнө тухайн этгээдийн эрх зүйн байдал, хууль зүйн эрсдэл, болзошгүй үүрэг хариуцлагыг тодорхойлох зорилгоор хийдэг иж бүрэн эрх зүйн шалгалт, дүн шинжилгээ юм.


DDR хийх явцад дараах нөхцөл байдлуудыг илрүүлэх боломжтой. Үүнд:

• Компанийн эзэмшиж, ашиглаж буй газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрх хүчин төгөлдөр эсэх;

• Тусгай зөвшөөрөл хүчинтэй эсэх;

• Компанийн байгуулсан гэрээ, хэлцлүүдийн хүрээнд эрх зүйн эрсдэл, болзошгүй хариуцлага үүсэх нөхцөл байгаа эсэх;

• Шүүх, арбитр болон бусад эрх бүхий байгууллагад хянан шийдвэрлэгдэж буй маргаан, түүнчлэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон өр төлбөр, үүрэг хариуцлага байгаа эсэх;

• Татвар, нийгмийн даатгал болон бусад өр төлбөрийн үлдэгдэл байгаа эсэх;

• Банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн төлбөрийн болон барьцааны үүрэг байгаа эсэх;

• Хөдөлмөрийн харилцаанаас үүдэн хариуцлага, нөхөн төлбөрийн эрсдэл байгаа эсэх;

• Компанийн хөрөнгө, оюуны өмчийн эрхийн бүртгэл, эзэмшил хуульд нийцэж байгаа эсэх зэрэг.


Компани худалдан авах, хөрөнгө оруулалт хийхтэй холбоотой шийдвэр нь өндөр эрсдэл дагуулдаг тул тухайн компанийн эрх зүйн байдал, болзошгүй эрсдэлийг урьдчилан үнэлэх шаардлага үүсдэг. Энэ зорилгоор хууль зүйн магадлан дүгнэлт хийдэг бөгөөд уг шалгалт нь худалдан авагч, хөрөнгө оруулагчид тухайн компанийн бодит нөхцөл байдал, эрх зүйн эрсдэлийг үнэлж, үндэслэлтэй шийдвэр гаргах боломжийг олгодог.


Учир нь гаднаасаа хэвийн үйл ажиллагаатай мэт харагдах компани нь татварын болон бусад төрийн байгууллагуудад өртэй, их хэмжээний хэлцлийг зөвшөөрөлгүй хийсэн, шүүхийн маргаантай, эзэмшиж буй тусгай зөвшөөрөл нь үүргийн зөрчилтэй зэрэг асуудлууд үүссэн байж болох юм. Хэрэв ийм нөхцөл байдлыг урьдчилан шалгахгүйгээр хэлцэл хийвэл худалдан авагчид санхүүгийн болон хууль зүйн талаас урьдчилан тооцоолоогүй томоохон хохирол, хүндрэлүүд үүсэх эрсдэлтэй.


Мөн DDR нь зөвхөн эрсдэл илрүүлэхээс гадна хэлцлийн нөхцөлийг илүү ашигтайгаар тохиролцоход тусалдаг. Тухайлбал, илэрсэн эрсдэлээс хамааран худалдан авах үнийг бууруулах, баталгаа гаргуулах, тухайн асуудалд тохируулан тодорхой нөхцөлийг гэрээнд тусгах зэргээр худалдан авагч талын эрхийг хамгаалах боломж бүрддэг.


Иймд компани худалдан авах ажиллагаанд зөвхөн санхүүгийн үзүүлэлт зэрэг гэрээний нөгөө талын гаргаж өгсөн мэдээлэлд найдах бус, хуульчаар хөндлөнгийн байгууллагаас гаргуулж авсан мэдээлэлд үндэслэсэн, хууль зүйн нарийвчилсан дүн шинжилгээ бүхий DDR хийлгүүлэх нь зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь хөрөнгө оруулалтын аюулгүй байдлыг хангах үндсэн хэрэгсэл болдог.  



Эх сурвалж:

[1] Олон Улсын Хуульчдын Холбооны (IBA) Компанийн Нэгтгэх, нийлүүлэх ажиллагааны эрх зүйн хороо, Хууль зүйн магадлан шалгалтын удирдамж, 2018 оны 9 дүгээр сар





 Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээ, нийтлэлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд, зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг өмгөөлөгчөөс авна уу.

 

 

 

 

 
 
bottom of page