top of page

Таны санал төрд хүрч чадна!

  • Writer: Ichinkhorloo Sh.
    Ichinkhorloo Sh.
  • Feb 24
  • 2 min read

Сүүлийн үед нийгмийн тодорхой асуудлаар иргэд Улсын Их Хуралд шаардлага гаргаж, “гарын үсэг зурах”-ыг хүссэн цахим өргөдөл нийгмийн сүлжээнд түгээмэл харагдах болсон. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу 18 нас хүрсэн иргэн бүр төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхтэй. Энэ эрхээ сонгуульд санал өгөх, сонгогдох замаар хэрэгжүүлдэг. Үүнээс гадна 2023 оноос эхлэн иргэд  https://petition.parliament.mn/ цахим өргөдлийн системээр дамжуулан төрийн хууль тогтоох үйл ажиллагаанд тодорхой асуудлаар өргөдөл гаргах, санал өгөх боломжтой болсон.[1] 


Иргэд дээрх цахим системд өөрийн гаргасан өргөдлөө 30 хоногийн хугацаатай байршуулах ба өргөдлийг дэмжсэн иргэдийн тоо дараах хэмжээнд хүрсэн тохиолдолд Улсын Их Хурал авч хэлэлцэнэ[2]:

  • Хуулийн төсөлд санал гаргах: 100,000 ба түүнээс дээш иргэн;

  • Байнгын хорооны хяналт шалгалт: 70,000 ба түүнээс дээш иргэн;

  • Ажлын хэсэг байгуулах санал: 33,000 ба түүнээс дээш иргэн.


Өнгөрсөн хугацаанд иргэдээс гаргасан зарим саналуудаас дурдахад “НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг дэмжиж байна уу?”, “Цалинтай ээж хөтөлбөрт 50,000 төгрөг нэмэхийг та дэмжиж байна уу?”, “нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг 50 хувь бууруулах”, “Газар нутгийг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах”, “Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох”, “Иргэн 1 хувийн татвар төлөх”, “Утааны сонсгол хийцгээе, Төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж, сайжруулцгаая”, “Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлах” зэрэг байна. Үүнээс “Газар нутгийг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” санал нь нийт 100,268 хүний дэмжлэг авч, Хөрөнгө оруулалтын тухай хуульд амжилттай өөрчлөлт оруулж тусгасан байна. 


Иймээс иргэд энэхүү цахим платформоор хууль тогтоомжтой холбоотой санал, шаардлагаа хууль тогтоох байгууллагад төлөөлж буй гишүүдэд хүргэх нэгэн шинэ цонх нээгдэж байгааг энд онцолъё.


Эх сурвалж: 

[1] Монгол Улсын Их Хурлын тухай хууль (2024 он)-ийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг

[2] МУИХтХ-ийн 39 дүгээр зүйлийн 39.5 дах хэсэг



 Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээ, нийтлэлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд, зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг өмгөөлөгчөөс авна уу.

 

 

 

 

 
 
bottom of page