top of page

Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар үүсгэн байгуулах талаар

  • Writer: Badamgarav E.
    Badamgarav E.
  • 3 days ago
  • 2 min read

Энэхүү мэдээллээр гадаадын хуулийн этгээд өөрийн салбар болон төлөөлөгчийн газрыг Монгол Улсад хэрхэн нээж, албан ёсоор үйл ажиллагаа явуулах талаар товч танилцуулахаар бэлтгэлээ.


Гадаадын хуулийн этгээд өөрийн салбар болон төлөөлөгчийн газрыг өөр улсад нээх нь олон улсын бизнес эрхлэгчдэд зах зээлээ тэлэх таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Манай улс уг үйл ажиллагааг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар тодорхой зохицуулсан бөгөөд бүртгэх ажиллагааг Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцан хэрэгжүүлдэгв [2],[5]


            Хуулийн этгээдийн “салбар” гэдэг нь тухайн хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгжийг ойлгоно. Хууль тогтоомжийн хүрээнд салбар нь татварын байгууллагад бүртгүүлж, ажилтан авах, гэрээ байгуулах, орлого олох зэрэг эдийн засгийн үйл ажиллагаа явуулах боломжтой.[3]


            Харин төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах буюу түүний нэрийн өмнөөс хэлцэл болон эрх зүйн бусад үйлдэл хийх үүрэг бүхий нэгж юм. Өөрөөр хэлбэл, төлөөлөгчийн газар нь аливаа аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй, зөвхөн тухайн хуулийн этгээдийг төлөөлөх, бизнесийн түнш хайх, сурталчлах, зах зээлийн судалгаа хийх зэрэг чиглэлд ажилладаг төлөөллийн байгууллагын хэлбэр юм. [1][3]


            Мөн гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар нь бие даасан хуулийн этгээд биш бөгөөд зөвхөн тухайн хуулийн этгээдийн нэгж хэлбэртэйгээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг болохыг анхаарах шаардлагатай. Иймээс аливаа үйл ажиллагаа нь эцэстээ эх байгууллагадаа хамаарах хариуцлага, үр дагаврыг бий болгодог. [1],[3]


Монгол Улсын Иргэний хууль, Компанийн тухай хуульд зааснаар хуулийн этгээд, компани нь салбар, төлөөлөгчийн газраа үүсгэн байгуулах боломжтой. Гэвч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар манай улсад гадаадын хуулийн этгээдийн салбарыг бүртгэх хууль зүйн зохицуулалт бүрдээгүй. Харин зөвхөн гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг бүртгэх үндэслэл, журам хэрэгжиж байна.


Гадаадын хуулийн этгээд өөрийн төлөөлөгчийн газрыг бүртгүүлэхэд доорх материалыг бүрдүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий газарт албан хүсэлт гаргана. Үүнд:

  • Гадаадын хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар;

  • Гадаадын хуулийн этгээдийн дүрэм;

  • Шийдвэр; /тогтоол, хурлын тэмдэглэл/

  • Төлөөлөгчийн газрын ажиллах журам; /2 хувь/

  • Төлөөлөгчийн газар байрших хаягийн нотлох баримт;

  • Өргөдөл маягт; /УБ-04 маягт/

  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг багтана [2],[3],[4],[5].


Мөн дээр дурдсан баримт бичгүүд гадаад улсад үйлдэгдсэн бол тухайн улсын нотариат, “Апостиль” гэрчилгээ, Консулын эсвэл Дипломат төлөөлөгчийн газраар гэрчлүүлсэн байх шаардлагатай.  


Дээрх баримт бичгүүдийг бүрдүүлэн хүргүүлсний дараа бүртгэлийн байгууллага нь албан хүсэлтийг ажлын 5 өдрийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд хууль журамд заасан шаардлага хангасан тохиолдолд улсын бүртгэлд бүртгэнэ. Ийнхүү бүртгүүлсэнээр тухайн төлөөлөгчийн газар нь Монгол Улсад албан ёсоор эрх зүйн байр суурьтай болж, үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой болно. [2],[4]


Ийнхүү Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, бизнесээ өргөжүүлэх, хамтран ажиллах боломжийг эрэлхийлж буй гадаадын хуулийн этгээдүүдийн хувьд төлөөлөгчийн газар нээх нь стратегийн чухал алхам болох тул түүний эрх зүйн харилцаа, үүсгэн байгуулж бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг, бүртгэлийн үйл явцыг ойлгож, зөв зохион байгуулалт хийх нь амжилттай үйл ажиллагаа эрхлэх эхлэл болно.


Эх сурвалж:

[1] Монгол Улсын Иргэний хууль (2002), 29.2, 29.3, 29.6 дахь хэсэг;

[2] Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, (2011), 6, 7, 9 дүгээр зүйл;

[3] Компанийн тухай хууль (2011), 7 дугаар зүйл;

[4] Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар байгуулах нийтлэг журам (2023), 2.1, 2.2, 2.3, 3.1, 4 дэх хэсэг;

[5] Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим мэдээллийн систем.



 

Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээлэл, нийтлэлийг зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг мэргэжлийн өмгөөлөгчөөс авна уу.

 

 

 

 

 

 

 

 
 
bottom of page