top of page

Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлын ялгаа

  • Writer: Baigali B.
    Baigali B.
  • Sep 18
  • 2 min read

ree

Хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн эрх барих дээд байгууллага бөгөөд хурлыг ээлжит болон ээлжит бус гэж ангилдаг.[1] Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ.


Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал


Компанийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна гэж Компанийн тухай хуульд заасан байна. [2] Санхүүгийн жил гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллагын тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдөр дуусна. Харин шинээр байгуулагдсан аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн эхний тайлангийн жил нь улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тооцогдоно.[3] Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор жилд нэг удаа заавал хуралдуулна. Уг хурлаар дараах асуудлыг заавал хэлэлцэнэ:

Үүнд:

  • компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;

  • ноогдол ашиг тараах эсэхийг хэлэлцэх;

  • төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацааг сунгах. [4]


Хэрэв дээрх хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болдгийг анхаарна уу.[5]


Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал


Ээлжит бус хурал гэдэг нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас бусад цагт, тодорхой шалтгаан, шаардлагаар төлөөлөн удирдах зөвлөл эсвэл гүйцэтгэх удирдлагаас зарлан хуралдуулах хурлыг ойлгоно. Компанийн тухай хуульд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тохиолдлуудыг дурдсан байх ба үүнд:


  • төлөөлөн удирдах зөвлөлийн нийт гишүүний 50-аас дээш хувь нь ажиллах боломжгүй буюу ажиллахгүй болсон;

  • төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан;

  • компанийн алдагдал тухайн тайлант үеийн эцэст өөрийн хөрөнгийн 30 хувиас хэтэрсэн;

  • компанийн өр нь хоёр жил дараалан өөрийн хөрөнгөөс илүү болж, хасах утгатай болсон;

  • төлөөлөн удирдах зөвлөл шийдвэр гаргасан;

  • аудитын хорооноос хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хийхийг шаардсан;

  • компанийн дүрэмд заасан бусад тохиолдол.[6]


Мөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар компанийн хувьцааг худалдах, худалдан авах, компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах, нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах буюу өөрчлөх замаар компанийг өөрчлөн байгуулах, компанийн өрийг хувьцаагаар солих, хувьцаа нэмж гаргах, түүний тоог тогтоох, компанийн хэлбэрийг өөрчлөх, компанийг татан буулгах болон татан буулгах комиссыг томилох, хувьцааг хуваах буюу нэгтгэх зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх бүрэн эрхтэй.


      Дүгнэвэл, компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал нь жил бүр тогтмол хуралдаж компанийн санхүү, үйл ажиллагааны гол асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг бол ээлжит бус хурал нь бусад  шаардлагатай нөхцөл байдал үүссэн үед зарлан хуралдуулдаг байна.


Эх сурвалж:

[1] Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг;

[2] Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг;

[3] Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг;

[4] Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.11 дэх хэсэг;

[5] Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэг;

[6] Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг.



Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээ, нийтлэлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд, зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг өмгөөлөгчөөс авна уу.

 

 

 

 

 

 

 

 
 
bottom of page