top of page

Гэрээний төлбөрийг ам.доллараар гүйцэтгэхээр тохиролцож болох уу?

Writer: Ardakh B.
Ardakh B.
5 hours ago
2 min read

Монгол Улсад гэрээний төлбөрийг гадаад валютаар гүйцэтгэхээр тохиролцож болох эсэх талаар товч танилцуулъя. 


Иргэний хуульд мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэхээр заасан.[1] Харин зөвхөн хуулиар хориглоогүй тохиолдолд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болохоор зохицуулжээ.[2] Үүнээс үзэхэд, талууд гэрээний хугацаа, төлбөрийн хэмжээ зэрэг гэрээний гол нөхцөлийг харилцан тохиролцож тогтоох эрхтэй боловч энэхүү эрхээ хуульд заасан хүрээнд хэрэгжүүлэх боломжтой.


Тухайлбал, бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хуулиар хориглосон.[3] Өөрөөр хэлбэл, байр, автомашин болон бусад бараа үйлчилгээний үнийг гадаад валютаар тогтоож, гэрээнд тусгахыг хориглосон.


Харин Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэглэлтэй холбоотой байгуулах гэрээг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэхийг зөвшөөрдөг. [4]


Мөн Улсын Дээд шүүхээс аливаа бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэхээр тогтоосон. Тухайлбал, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв-ийн үнэ 4,000 ам.доллар, нийт үнэ 2,029,840.00 ам.доллар гэж илэрхийлсэн нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн. [5]


Иймд, Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэнэ. Харин хуульд тусгайлан зөвшөөрсөн тохиолдолд гадаад валютаар мөнгөн төлбөрийн үүргийг илэрхийлж, гүйцэтгэж болно.





Эх сурвалж:

[1]Иргэний хуулийн 217.1 дахь хэсэг

[2]Иргэний хуулийн 217.2 дох хэсэг

[3] Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дэх хэсэг

[4] Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.4 дэх хэсэг

[5] Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 02-р сарын 19-ны өдрийн 001/ХТ2024/0022 дугаар тогтоол




 Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээ, нийтлэлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд, зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг өмгөөлөгчөөс авна уу.

 

 

 

 

 
 
bottom of page