Зээл ба хөрөнгө оруулалтын эрх зүйн ялгаа юу вэ, яагаад чухал вэ?
- Ligden A.

- 3 hours ago
- 1 min read
Зээл болон хөрөнгө оруулалт нь санхүүжилтийн хэлбэр боловч эрх зүйн хувьд өөр өөр үр дагавартай, өөр бүтэцтэй харилцаа юм. Эдгээрийг зөв ялгаж ойлгох нь татварын зохицуулалт, талуудын эрх, үүрэг, санхүүгийн эрсдэлийн хяналтад шууд нөлөөлдөг.
Иргэний хуульд зааснаар “зээлийн гэрээ” гэж зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.[1] Зээл олгосны хариу төлбөрт талууд хүү төлөхөөр тохиролцож болох бөгөөд зээлийн гэрээнд хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх үүрэг хүлээдэг. [2]
Харин Хөрөнгө оруулалтын тухай хуульд зааснаар “хөрөнгө оруулалт” гэж ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг хэлнэ.[3] Тухайлбал, компанид хөрөнгө оруулсан бол тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд хувь эзэмших бөгөөд ийнхүү эзэмшиж буй хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээдэг.[4] Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч нь зээлийн гэрээтэй адил оруулсан хөрөнгө оруулалтаа шууд буцаан шаардах эрхгүй, тухайн бизнесийн эрсдэлийг хөрөнгө оруулагчийн хувьд хүлээдэг гэсэн үг юм. Харин компани ашигтай ажиллаж, ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн бол эзэмшиж буй хувь хэмжээний дагуу ногдол ашиг хүртэх эрхтэй. [5]
Эх сурвалж:
[1] Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1
[2] Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.1, 283 дугаар зүйлийн 283.1
[3] Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1
[4] Компанийн тухай хуулийн 9.3
[5] Компанийн тухай хуулийн 3.3
Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээ, нийтлэлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд, зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг өмгөөлөгчөөс авна уу.





