top of page

Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын бүрэн эрхийн тухай

  • Writer: Ichinkhorloo Sh.
    Ichinkhorloo Sh.
  • 1 day ago
  • 2 min read

Хувьцаат компанийн хувьд “төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга” (англи хэл., corporate secretary or board secretary) нь компанийн засаглалын зарчмуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий албан тушаалтан юм. Иймээс ч хуульд заасан болон бусад шаардлагыг хангасны үндсэн тус үүрэгт ажлыг гүйцэтгэх боломжтой болдог. Монгол Улсын Компанийн тухай хуульд зааснаар төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх шаардлагатай. [1]


Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь (i) төлөөлөн удирдах зөвлөл болон түүний дэргэдэх хороодод засаглалын асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгөх, (ii) тэдгээрийн бодлогын баримт бичиг, дотоод журмын хэрэгжилтэд хяналт тавих, (iii) төлөөлөн удирдах зөвлөлийн бичиг хэрэг, хуралдааны тэмдэглэл хөтлөх, (iv) хуралдаан болон гишүүдийн сургалтыг тогтмол зохион байгуулах зэрэг чиг үүргийг гүйцэтгэнэ. [2]


Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Компанийн тухай хуульд заасны дагуу дараах үүргийг хүлээдэг. [3]Үүнд:

-     Хувьцаа эзэмшигчдийн хурлын болон төлөөлөн удирдах зөвлөлийн бичиг хэргийг хариуцан хөтлөх,  хувьцаа эзэмшигчид мэдээлэл хүргэх;

-  Хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын бэлтгэлийг хангах, хурлын зар, хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээлэл болон гарах шийдвэрийн төсөл, бусад баримт бичгийг зохих журмын дагуу бэлтгэх, хүргэх ажлыг зохион байгуулах;

-  Хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хөтлөх, гарах шийдвэрийг зохих журмын дагуу баталгаажуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

-     Хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал болон бусад оролцогч талуудын хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах ажлыг зохион байгуулах;

-      Төлөөлөн удирдах зөвлөлийн дотоод үйл ажиллагааг хариуцан зохицуулах;

-      Компанийн баримт бичгийг зохих журмын дагуу холбогдох этгээдээс хүлээн авч хадгалах, эрх бүхий этгээдэд танилцуулах, архивт шилжүүлэх зэрэг болно.


Эх сурвалж: 

[1] Компанийн тухай хууль (2011), 75.8

[2] Б.Давааням., “Компанийн эрх зүйн онол, практик” УБ., 2025  Х. 99-100

[3] Компанийн тухай хууль (2011), 82 дугаар зүйлийн 82.2.1-82.2.5, 97.5 дахь хэсэг

 



 Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээ, нийтлэлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд, зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг өмгөөлөгчөөс авна уу.

 

 

 

 

 
 
bottom of page