Цуврал 1: Гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулахад анхаарах зүйлс
- Badamgarav E.

- 2 days ago
- 2 min read
Гадаадын хөрөнгө оруулагч Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай компани үүсгэн байгуулахад анхаарч, урьдчилан төлөвлөх шаардлагатай асуудлуудыг бид цуврал болгон хүргэхээр бэлтгэлээ. Энэ удаагийн дугаарт гадаадын хөрөнгө оруулалттай компанийг бүртгүүлэхэд улсын бүртгэлээс шаарддаг хаягийн нотлох баримт буюу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, түрээсийн гэрээтэй холбогдуулан анхаарах эрх зүйн зохицуулалт, практик асуудлыг товч танилцуулъя.
Монгол Улсын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар хуулийн этгээд нь тодорхой хаягтай байх бөгөөд уг хаягийг улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байдаг.[1] Мөн Иргэний хуулийн дагуу хуулийн этгээдийн бүртгэлтэй хаяг нь албан ёсны харилцаа, мэдэгдэл хүргүүлэх үндсэн хаяг гэж тооцогддог тул төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан мэдэгдэл, шаардлага, шүүхийн зарлан дуудах бичиг зэргийг тухайн бүртгэлтэй хаягаар хүргэж, эрх зүйн үр дагавар үүсгэдэг.[2][3]Тухайлбал, татварын албанаас тухайн хуулийн этгээдийн бүртгэлтэй хаягаар нөхөн ногдуулалтын актыг илгээдэг бөгөөд тухайн акттай маргах тохиолдолд түүнийг хүлээн авсан, мэдсэн өдрөөс эхэлж хөөн хэлэлцэх хугацаа дуусдаг. [4] Иймд хуулийн этгээдийн хаяг нь зөвхөн бүртгэлийн шинжтэй бус, харин эрх зүйн харилцаанд оролцоход чухал ач холбогдолтой.
Практикт гадаадын хөрөнгө оруулагчид бүртгэлийн хаягийг виртуал болон биет байдлаар ашиглах боломж, бусдын хаягаар төлөөлүүлэн шуудан хүлээн авах, нэг хаяг дээр давхар түрээсийн гэрээ байгуулах, тухайн хаягаар иргэний эрх зүйн харилцаанд оролцох боломжтой эсэх талаар асуух нь нийтлэг тохиолддог. Одоогийн байдлаар Монгол Улсад хуулийн этгээдийн хаягийг виртуал хэлбэрээр бүртгэх, ийм төрлийн үйлчилгээ үзүүлэх эрх зүйн тодорхой зохицуулалт бүрдээгүй байна. Түүнчлэн зөвхөн шуудан хүлээн авах зориулалттай хаяг ашиглах нь тухайн хуулийн этгээдийн бодит байршлыг илэрхийлэхгүй тул маргаан үүсэх, мэдэгдэл хүлээн авсан гэж үзэх зэрэг эрсдэлийг дагуулж болзошгүй.
Иймд хөрөнгө оруулагчид Монгол Улсад компаниа бүртгүүлэхдээ бодитоор оршин байгаа хаягийг бүртгүүлэх нь цаашдын бизнесийн үйл ажиллагааг тогтвортой, эрсдэл багатай явуулах үндэс болохыг анхаарах шаардлагатай юм.
Эх сурвалж:
[1] Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль, 16.1.7 дугаар зүйл;
[2] Иргэний хууль, 28.2 дугаар зүйл;
[3] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, 754.1. дүгээр зүйл.
[4] Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль 42.7, 43.2
Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээ, нийтлэлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд, зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг өмгөөлөгчөөс авна уу.





